Гаанс нь толгой, их бие, соруул зэргээс бүрдэнэ. Гаансны толгойг ган, гууль зэргээр, их биеийг модоор хийх бөгөөд заримдаа бүхэлд нь ясаар хийх нь буй. Гаансны аманд зуух хэсгийг соруул гэх бөгөөд хамгийн үнэтэй нь цагаан өнгөтэй, уртавтар хаш соруул болно. Сэтгүүр, цохиурыг мөнгөн гинжээр тамхины савтай холбодог. Гаанс ихэвчлэн 30-40 сантиметр урттай байх бөгөөд зөвхөн соруулын урт нь 10 сантиметр хүртэл урт байх нь бий.